НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН “НЭГ МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

 

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН “НЭГ МОНГОЛ”
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын баримт бичигт “Бүх нийтийн боловсролыг нийгмийн үйл хэрэг болгон хөгжүүлж, үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлж, оюунжсан, бүтээлч, чадамжтай хүний нөөцийг байнга нэмэгдүүлнэ. Иргэд боловсролоо сайжруулж, ажил мэргэжлээрээ хөрвөн суралцаж байх бодит боломж олгосон боловсролын нээлттэй агуулга, уян хатан арга хэлбэрийг бий болгож хэрэгжүүлнэ” гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн.

Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “… эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр, “Өрсөлдөх чадвартай монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасан.

Үндэсний уламжлал, хөгжил болон даяаршлаас үүдэлтэй соёл, нийгмийн харилцааны өөрчлөлтийн зааг дээр монгол хүн бүрийн хөгжил, төлөвшлийн талаарх бодлого, холбогдох арга хэмжээг оновчтой тодорхойлж, улс орны хөгжлийн төлөөх эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлэх  зайлшгүй шаардлага бий болж байна.

Өнөөгийн боловсролын салбарыг хөдөлмөрийн зах зээлээ дэмжих чадвар сул, ажиллах хүн хүчний нөөцийг бүрэн бүрдүүлэх чадамжгүй, суралцагчдын иргэний төлөвшлийг хангалттай түвшинд хүргэж чаддаггүй гэж дүгнэсээр байгаа юм.

Даяаршил, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн эрин үе нь нээлттэй, өрсөлдөөнтэй, мэдээлэлжсэн орчинд амьдрах чадварыг хүн бүрээс шаардаж байгаагаас дэлхийн улс орнууд боловсролын бодлогоо шинэ зуунд хүн төрөлхтөний нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд оролцох мэдлэг чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай иргэн төлөвшүүлэхэд чиглүүлж байна.

Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилгын хүрээнд гэр бүлийн сайн сайхан байдал, иргэн нэг бүрийн хөгжлийг хангахад чиглэсэн төрийн бодлогын үндсийг шинээр дэвшүүлэн тавьж, мэдээлэл, холбооны технологид суурилсан, нээлттэй, насан туршийн, тасралтгүй, чанартай боловсрол эзэмших боломжийг бий болгох нь  нээлттэй боловсролын “Нэг Монгол” үндэсний хөтөлбөрийг боловсруулах нийтлэг үндэслэл болно.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

Иргэн бүр  авьяас, чадвараа хөгжүүлэх, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрах, ёс суртахуун, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахиж, үндэсний нийтлэг үнэт зүйлсийг өвлөн насан туршдаа суралцах хэрэгцээнд нь нийцсэн нээлттэй боловсролын үндэсний шинэ тогтолцоог бий болгоно.

Гурав. Хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагаа

 

Нээлттэй боловсролын “Нэг Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дараах төслүүдийг хэрэгжүүлнэ:

3.1. “Нээлттэй академи” төсөл

Хүүхдийн итгэл, найдвар, сурах тэмүүллийг нь дэмжиж, сургалтыг суралцагч өөрийн үйл явцад  суралцдаг арга зүйд суурилсан “ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарт зориулсан үнэ төлбөргүй, нээлттэй онлайн боловсролын үйлчилгээ”-г боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлнэ.  Энэ төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

3.1.1. дэлхий даяар хамгийн өндөр хандалт, ашиглалттай, үнэ төлбөргүй, онлайн, нээлттэй сургалтын үйлчилгээ болох АНУ-ын Хан Академийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын математик, физик, хими, биологи, анатоми, байгаль ба нийгмийн ухаан, мэдээллийн технологи, эдийн засаг, түүхийн хичээл, мөн АНУ-ын их дээд сургуулийн SAT, GMAT элсэлтийн шалгалтын онлайн видео хичээлийг бүрэн орчуулж, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад нээлттэй, үнэ төлбөргүй ашиглах боломжийг бий болгоно;

3.1.2. ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багшийн сургалтын видео хичээлийн сан, нээлттэй сургалтын онлайн системийг бий болгоно;

3.1.3. ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичиг, багшийн ном, сургалтын гарын авлагуудыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим сурах бичиг, багшийн ном, гарын авлагуудыг бүтээж, хэрэглээнд нэвтрүүлнэ;

3.1.4. ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн  байгалийн ухааны болон математикийн хичээлийн онлайн виртуал лабораторийг хөгжүүлж сургалтад нэвтрүүлнэ;

3.1.5  ерөнхий боловсролын сургуулиудыг мэдээлэл, холбооны өндөр технологид суурилсан ухаалаг (smart school) сургууль болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ;

3.1.6. Гүүгэл (Google) корпорацийн дэмжлэгтэйгээр ерөнхий боловсролын нийт сургууль болон багш сурагчдыг дэлхийд хамгийн өргөн ашиглагддаг, үнэ төлбөргүй, нээлттэй сургалтын багц үйлчилгээтэй болгоно;

3.1.7. ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарт зориулсан  компьютер, таблет, гар утас зэрэг бүх төрлийн мэдээлэл, холбооны хэрэгслийн  орчинд хэрэглэгдэх сургалтын программ хангамжийг хөгжүүлнэ.
3.2. “Монгол хэл” төсөл

Монгол Улс үндэстэн оршихуйн үндэс болсон эх хэл, соёл, сэтгэлгээний үндэсний дархлааг бэхжүүлэх, бүх түвшний боловсрол, сургалтын чанар, иргэдийн харилцааны соёлын түвшинг дээшлүүлэх зорилгоор бүх нийтийн монгол кирилл бичгийн нээлттэй сургалтын орчинг бий болгох “Монгол хэл” төслийг хэрэгжүүлнэ. Энэ төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
3.2.1. монгол хэл бичгийн нийтээр дагаж мөрдөх кирилл, уйгаржин бичгийн онлайн тайлбар толь бичгийг бүтээнэ;

3.2.2. монгол хэлийг эхлэн суралцагчийн түвшнээс эхлээд гүнзгий, ахисан түвшний онлайн сургалт, үндэсний шалгалтын системийг боловсруулж, бүх түвшний сургалт, хэрэглээнд нэвтрүүлнэ;

3.2.3. монгол кирилл бичгийн үсгийн дүрмийн алдаа засах компьютерийн программ хангамжийг зохиож, бүх нийтийн хэрэглээнд нийлүүлнэ.

3.3. “Нээлттэй их сургууль” төсөл

Хэн ч, хаанаас ч хүссэн цагтаа хэрэгтэй бүх мэдээллээ орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр хүлээн авч өөрийн боломжоороо бүтээлчээр судлах, профессор багшаас оюутнуудтайгаа онлайнаар хамтран бүтээж суралцах нээлттэй боломжийг дээд боловсролын тогтолцоонд бий болгох зорилгоор үүлэн технологи бүхий нээлттэй их сургуулийг хөгжүүлэх “Нээлттэй их сургууль” төслийг хэрэгжүүлнэ. Энэ төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ:

3.3.1. үндэсний эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд өндөр эрэлттэй их, дээд сургуулийн хөтөлбөрүүдийг хөгжингүй орнуудын дэлхийн шилдэг их сургуулиудын түвшинд боловсруулж цахим, видео, виртуал хэлбэрт шилжүүлэн нээлттэй хэлбэрээр суралцах боломжийг бий болгоно;

3.3.2. дэлхийн шилдэг их сургуулиудаас сургалтад шууд хэрэглэх боломжтой, өндөр эрэлттэй мэргэжлийн сургалтын агуулга, хөтөлбөр, хичээл, лекцийг цахим, видео, виртуал хэрэглэгдэхүүний хамт эзэмших эрхийг нь худалдан авч их сургуулийн сургалтад нэвтрүүлнэ;

3.3.3. Гүүгэл (Google) корпорацийн дэмжлэгтэйгээр бүх их, дээд сургууль, коллежийн оюутан, багш нарыг дэлхийд хамгийн өргөн ашиглагддаг, үнэ төлбөргүй, нээлттэй сургалтын багц үйлчилгээтэй болгоно;

3.3.4. иргэд авьяас, хүсэл, хэрэгцээ, сонирхолдоо нийцүүлэн мэргэжил, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий насан туршийн боловсролын нээлттэй их сургуулийг хөгжүүлнэ.

3.4. “Үнэн түүх” төсөл

Монголчуудын угсаа, гарвал, үнэн бодит түүхийг үр хүүхэд, залуучууд, нийт иргэд, дэлхий  нийтэд мэдүүлж таниулах, үндэсний бахархал, ухамсар, үнэт зүйлсийг хөгжүүлэн бэхжүүлэх “Үнэн түүх” төслийг хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж  гүйцэтгэнэ. Үүнд:

3.4.1. түүхчид, эрдэмтэд, хэвлэл, мэдээлэл, олон нийтийн өргөн оролцоотойгоор монголын түүхийн эх сурвалж, баримт бичиг, түүх, баримтуудыг цахим хэлбэрт шилжүүлж түүхэн эх сурвалжийн нээлттэй санг бий болгоно;

3.4.2. иргэд, олон нийтэд зориулсан монголын түүх, соёлын тухай танин мэдэхүйн болон баримтат, уран сайхны нийтлэл, нэвтрүүлэг, кино зэрэг уран бүтээлийг шинээр хийх, хуучныг нь сэргээн засварлах байдлаар  нээлттэй мэдээлийн санг бий болгож олон нийтийн хүртээл болгоно;

3.4.3. олон улсын бусад нээлттэй сайтад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаарх нийтлэл, мэдээллийг өргөжүүлнэ.

3.5. “Үндэсний соёл” төсөл

Хүүхэд, залуучууддаа үндэсний соёл, уламжлал, ёс заншлыг өвлүүлэн эзэмшүүлж уламжлан хөгжүүлэх, монгол үндэстний ахуй, соёл болон өнөөгийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийг дэлхий нийтэд таниулан сурталчлахад чиглэсэн “Үндэсний соёл” төслийг хэрэгжүүлнэ. Энэ төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

3.5.1. ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон бүх нийтэд зориулсан дэлхийн болон монголын утга зохиолын шилдэг бүтээл, зан заншил, түүх, соёлын биет болон биет бус үнэт өвийг танилцуулах цахим, видео, виртуал, нээлттэй мэдээллийн санг байгуулна;

3.5.2. монголын тухай аудио, видео, цахим, виртуал, нээлттэй агуулга бүхий Монголпедиа нэвтэрхий толийг бүтээнэ;

3.5.3.   виртуал галлерей,  музей байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

3.6. “Нээлттэй мэдлэг” төсөл

Нээлттэй мэдлэгийн үндэсний нэгдмэл санг бий болгох, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнесийн ноу хауг хөгжүүлэх, мэдлэг, бизнес-инноваци, технологийг бүтээх, хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухаан, өндөр технологид суурилсан өрсөлдөх чадамжтай үндэсний эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн “Нээлттэй мэдлэг” төслийг хэрэгжүүлнэ.  Энэ төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.Үүнд:

3.6.1. эрдмийн бүтээл, докторын ажил, дипломын ажлын үндэсний нээлттэй санг байгуулна;

3.6.2. дэлхийн шинжлэх ухааныг монголын эрдэмтэн, судлаачдад нээж, Томсон Ройтерс (Thomson Reuters) корпорацийн “Web of science”, “Web of knowledge”, “Community of science” болон Скопус (Scopus), Шпрингер (Springer)-ийн шинжлэх ухааны мэдээллийн санд их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, эрдэмтэн, судлаачдыг чөлөөтэй нэвтрэн ажиллах боломжийг бүрдүүлнэ.

 

Дөрөв.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах нөхцөлийг бүрдүүлнэ. Үүнд:

4.1. Насан туршийн боловсролын үндэсний тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх талаар хууль, эрх зүйн таатай орчинг бий болгон, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх;

4.2. Бүх нийтийн буюу оюуны өмчийн олон улсын эрх зүйн тогтолцоонд Монгол Улс нэгдэн орох, түүний харилцаа, зохицуулалтыг бий болгох, интернэтэд зохиогчийн эрхийг хамгаалах, зохицуулах эрх зүйн орчныг бий болгох;

4.3. Боловсролын салбарын интернэт сүлжээний ерөнхий холболтын загвар (топологи) болон өгөгдлийн (дата) төвийн хүчин чадлыг тодорхойлж, нэгдсэн сүлжээгээр хангах, боловсролын салбарын удирдлага мэдээллийн системийг 2016 он гэхэд бүрэн хэмжээгээр байгуулж, хэрэгжүүлэх.

Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

 

5.1. Боловсрол, шинжлэх ухааны яам нээлттэй боловсролын “Нэг Монгол” үндэсний хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтыг улсын хэмжээнд хариуцан гүйцэтгэнэ.

5.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Шадар сайдын ажлын алба, Соёл, спорт, аялал, жуулчлалын яам, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газар хамтран оролцоно.

5.3. Боловсрол, шинжлэх ухааны сайд  нь хөтөлбөр, түүнийг санаачлагч “Шинэ бодлогын хүрээлэн” (ТББ), “Нээлттэй мэдлэг, боловсролын сан” (ТББ)-гийн мэргэжлийн төслийн багтай хөтөлбөрийг хэрэгжүүлэх менежментийн гэрээ байгуулан ажиллана.

5.4. Боловсрол, шинжлэх ухааны яам  нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх урт, дунд хугацааны стратеги төлөвлөлт, үйл ажиллагааны жил бүрийн төлөвлөгөөг гарган Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

5.5. Боловсрол, шинжлэх ухааны яам хөтөлбөрийн явцад хяналт, шинжилгээ хийж, тайланг хоёр жил тутам Засгийн газрын хуралдаанд болон иргэд, олон нийтэд нээлттэйгээр танилцуулна.

5.6. Хөтөлбөрийг  төр, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, иргэд, олон нийтийн нээлттэй оролцоо, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлнэ.

Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт

6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө нь улсын төвлөрсөн төсөв болон орон нутгийн төсөв, гадаад улс орон, олон улсын хөгжлийн байгууллага, хувийн хэвшлийн хандив, тусламж, хөгжлийн зээлийн эх үүсвэрээс бүрдэнэ.

6.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах улсын төсвийн хөрөнгийн эх үүсвэрийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн улсын төвлөрсөн төсөв болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

7.1. Хөтөлбөрийг 2014-2024 онд хэрэгжүүлнэ.

7.2. Хөтөлбөрийн урт, дунд хугацааны стратеги, үйл ажиллгааны жил бүрийн төлөвлөлтийн  хэрэгжилтийн тайлагналыг энэхүү хөтөлбөрийн 5 дугаар бүлгийн 5.3, 5.4, 5.5-д заасны дагуу зохион байгуулна.

Найм. Хөтөлбөрийн хэрэгжилт, хүрэх үр дүн

8.1. “Нээлттэй академи” төсөл:

8.1.1. Ерөнхий боловсролын сургуулийн математик, байгалийн ухаан, мэдээллийн технологи, нийгмийн ухаан, эдийн засаг, түүхийн хичээлийг орчуулж, 1-12 дугаар анги тус бүрт зориулж видео хэлбэрээр нээлттэй ашиглах боломж бүрдүүлнэ. 2014 онд 1000, 2015 онд 2000, 2016 онд 2000 видео хичээлийг орчуулж нийтийн хүртээл болгоно;

8.1.2. ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багшийн сургалтын видео хичээлийн сан, онлайн нээлттэй сургалтын систем бий болно. 2017 оноос жил бүр 200 видео хичээлийг бэлтгэнэ;

8.1.3. ерөнхий боловсролын сургуулийн математик, физик, хими, биологи, байгалийн ухааны онлайн виртуал лабораторийг хөгжүүлж ерөнхий боловсролын сургалтад нэвтрүүлнэ.  2018 оноос жил бүр 1 онлайн лабораторийн үйлчилгээг багш, сурагчдын хүртээл болгоно;

8.1.4 ерөнхий боловсролын сургуулиудыг мэдээлэл, холбооны өндөр технологид суурилсан ухаалаг (smart school) сургууль болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 2018 он гэхэд интернэт холболттой бүх дунд сургуулийг сургалтыг дэмжих мэдээллийн үйлчилгээгээр бүрэн хангана;

8.1.5. ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарт зориулсан  компьютер, таблет, гар утас зэрэг бүх төрлийн мэдээлэл, холбооны хэрэгслийн  орчинд ажиллах боловсрол, сургалтын программ хангамжийг хөгжүүлнэ.

8.2. “Монгол хэл” төсөл

8.2.1. монгол хэл бичгийн нийтээр дагаж мөрдөх кирилл, уйгаржин бичгийн онлайн тайлбар толь бичиг хэрэглээнд нэвтэрнэ. 2014 онд                 10000, 2015 онд 30000 үг бүхий онлайн тайлбар толь бичгийн хувилбарыг нийтийн хүртээл болгож, цаашдаа жил бүр өргөтгөн сайжруулж ажиллана;

8.2.2. монгол хэлний үндэсний шалгалтын системийг боловсруулах ажлыг системтэйгээр эхлүүлж, 2018 онд туршилтын байдлаар, 2020 онд хэрэглээнд бүрэн нэвтэрсэн байна;

8.2.3. монгол кирилл бичгийн үсгийн дүрмийн алдаа засах компьютерийн программ хангамжийг зохиож, бүх нийтийн хэрэглээнд ашигласан байна.

8.3. “Нээлттэй их сургууль” төсөл:

8.3.1. Гүүгэл (Google) корпорацийн дэмжлэгтэйгээр бүх их, дээд сургууль, коллежийн багш, оюутнуудыг дэлхийд хамгийн өргөн ашиглагддаг, үнэ төлбөргүй, нээлттэй, сургалтын багц үйлчилгээтэй болгоно. Энэ ажлыг            2014-2015 онд бүрэн хэрэгжүүлнэ;

8.3.2. онлайн сургалттай, насан туршийн боловсролын нээлттэй их сургууль байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж, сургалтыг 2020 онд эхлүүлнэ.

8.4. “Үнэн түүх” төсөл

8.4.1. монголын түүхийн эх сурвалж, баримт бичиг, түүх, соёлын биет болон биет бус өв дурсгал, нотлох баримтуудыг цахим хэлбэрт шилжүүлж, түүхэн эх сурвалжийн онлайн, нээлттэй санг байгуулж 2018 онд үйл ажиллагааг нь эхлүүлнэ;

8.4.2. иргэд, олон нийтэд зориулсан монголын түүх, соёлын тухай танин мэдэхүйн баримтат, уран сайхны хөтөлбөрүүдийн тоогоор хэмжигдэнэ;

8.4.3. монголын түүх, соёлын тухай видео, онлайн нээлттэй мэдээллийн санг англи, орос, хятад болон дэлхийн бусад голлох хэл дээр гаргасан тоогоор хэмжигдэнэ.

8.5. “Үндэсний соёл” төсөл:

8.5.1. Монголпедиа онлайн нэвтэрхий толийн эхний хувилбарыг        2015-2016 онд бүтээж олон нийтийн оролцоотойгоор, нээлттэй өөрчлөн шинэчилж байх ажлыг зохион байгуулан ажиллана;

8.5.2. олон улсын нээлттэй сайтад тавигдсан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаар жилд 100-аас доошгүй нийтлэл, материал нэмж оруулна;

8.5.3. Монголын виртуал галлерейг 2018 онд, Монголын виртуал музейг 2020 онд байгуулж бүх нийтийн хүртээл болгоно.

8.6. “Нээлттэй мэдлэг” төсөл

8.6.1. эрдмийн бүтээл, диссертац, дипломын ажлын үндэсний нээлттэй сангийн онлайн системийг 2018 онд туршилтын байдлаар, 2020 онд бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулна;

8.6.2. дэлхийн шинжлэх ухааныг монголын эрдэмтэн, судлаачдад нээж, Томсон Ройтерс (Thomson Reuters) корпорацийн “Web of science”, “Web of knowledge”, “Community of science” болон Скопус (Scopus), Шпрингер (Springer)-ийн шинжлэх ухааны мэдээллийн санд нэвтрэх эрх авсан  тоогоор хэмжигдэнэ.