Монгол хэлний викитоль

Wiki profile picМонгол улсын хөгжлийн хүч бол монгол хүний чадвар, түүний дотор,  хэл яриа, бичгийн соёлоороо дамжин илэрхийлэгддэг сэтгэн бодохуйн чадвар нь билээ. Сүүлийн 30 жилд Монголын нийгмийн амьдралын бүхий л хүрээнд эрс өөрчлөлт гарч, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, ахуйн олон зуун хэвшмэл  нэр томьёо,  үг хэллэг  өнөө цагийн бидний хэрэгцээ, шаардлагаас үлэмж хоцрох хандлага ихсэж байна. Монгол хэлний соёлын түвшин унаж байгааг бид өдөр тутмын хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа, ахуйн хүрээний харилцаанаас тод харж болно.

Монгол хэл нь монгол хүн бүрийн, цаашлаад, монголын нийгмийн сэтгэлгээний түвшин, цар хүрээг тодорхойлдог биологи, нийгмийн түүхэн хөгжлийн бүтээгдэхүүн,  үндэстний оюуны хамгийн хүчтэй суурь “дэд бүтэц” юм.  Монгол хэл, бичгийн соёлоо анхааран хөгжүүлж, үндэстний оюун санааны нэгдмэл орон зай, өрсөлдөн хөгжих чадварыг тасралтгүй бэхжүүлж байх нь Монголын төрийн бодлогын нэн чухал хэсэг билээ. Монгол хэлний үгийн сан, хэрэглээний хүрээг тэлэн хөгжүүлэх, нэр томьёог системчлэх, шинэ ухагдахуун, ойлголтуудыг  гүнзгийрүүлэн тайлбарлах ажлыг зөвхөн хэлний мэргэжилтнүүдэд даатган орхих боломжгүй юм. Тасралтгүй явагдах энэ үйл явцад салбарын мэргэжилтнүүд, сонирхсон бүх хүмүүс өргөнөөр оролцох боломжтой байх ёстой.

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан монгол хэлний нээлттэй цахим тайлбар толийг бүтээн хөгжүүлж байна. Уг ажлын хүрээнд, дэлхийн бүх орны 80 мянган эрдэмтэн, нийтлэлчид хамтран бүтээсэн интернэтийн википедиа толь бичгийн стандартаар өнөө цагийн бодит хэрэгцээ шаардлага ба боломжийг холбосон, монгол хэлний үгийн сан, хэрэглээний хүрээг тэлэн хөгжүүлэх зорилгоор монгол хэлний толиудыг вики технологид суурилан системчилж, шинэ ухагдахуун, ойлголтуудыг  гүнзгийрүүлэн тайлбарласан монгол хэлний 50 мянга орчим үг хэллэгийн дэлгэрэнгүй тайлбар бүхий нээлттэй викитоль бичгийг бүтээж, тасралтгүй хөгжүүлэх үүднээс салбарын мэргэжилтнүүд, сонирхсон бүх хүмүүс өргөнөөр, нээлттэйгээр оролцох боломжийг бүрдүүллээ. http:/mn.wiktionary.org

Монгол хэлний викитолийг хөгжүүлэх ажлын суурь болгож,  монгол хэлний 8 боть бүтээлийн зохиогчийн эрхийг авч бүтээсэн нь монголын анхны Creative Commons (CC) буюу Оюуны Бүтээлч Хамтын Өмчийн лиценз бүхий бүтээл болов.

Энэхүү викитолийг хөгжүүлэх тасралтгүй явагдах үйл ажиллагаанд монгол хэлний эртэмтэд, мэргэжилтнүүд төдийгүй иргэд өргөнөөр оролцож байна. Тухайлбал, академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Нарангэрэл, эдийн засгийн ухааны доктор, дэд профессор А.Ганзориг нарын мэргэжилтнүүд хууль эрх зүй болон  банк санхүүгийн нэр томьёоны тайлбарыг анх удаа цахим хэлбэрээр олон нийтийн хүртээл болгож, монгол хэлний викитолийг мэргэжлийн нэр томьёогоор баяжууллаа.

Монгол хэлний викитоль өргөжин хөгжих үйл ажиллагааг тасралтгүй өрнүүлэх зорилгоор http://www.wikitoli.mn вэб хуудсыг ажиллуулж, монгол хэлний шинэ үг хэллэг, нэр томьёоны тайлбар болон монгол судлаач эрдэмтдийн эрдэм шинжилгээний өгүүлэл, вики сонирхогчдын чөлөөт блог, нийтлэлүүдийг тогтмол нийтэлж байна. Мөн монгол хэлний үгийн утга, хэрэглээний тухай асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлэг өрнүүлж, мэргэжилтний тайлбарыг хүргэснээр олон нийтийн хамтын ажиллагааг өрнүүлж эхлээд байна.